http://www.forum.mn

2007 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээж авсангүй (2006.12.20)

2007 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээж авсангүй (2006.12.20)

2007 оны улсын төсвийг батлахдаа, УИХ-ын сонгуулийн тойрог бүрт хөрөнгө оруулалт нэрээр 250 сая, нийт 19 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсөв ерөнхийлөн захирагчдын багцад тусгасанд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Чингэхдээ Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд энэ үндэслэлээ гурван зүйлээр тайлбарласан байна. Нэгд, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөвхөн сонгууль явуулахын тулд зохион байгуулагддаг сонгуулийн нутаг дэвсгэрийг баримтлан хөрөнгө оруулахаар төсөвлөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн" гэсэн заалтыг зөрчиж, төсвийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг баримтлан зарцуулах зарчмыг алдагдуулсан байна.

Хоёрт, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчиж, дараагийн УИХ-ын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга болох боломж алдагдах нөхцөлийг урьдчилан бүрдүүлжээ гэж Ерөнхийлөгч үзсэн байна. Гуравт, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална" гэсэн заалтыг зөрчиж "сонгуулийн нутаг дэвсгэрийн" явцуу эрх ашгийг хичээж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн онцлог нөхцөл байдлыг үл харгалзан тэгшитгэн хуваарилах зарчмаар нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна хэмээн тэрбээр үзжээ.

УИХ өчигдөр нэгдсэн хуралдаанаа хийж энэ асуудлыг хэлэлцээд  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэсэн байна. Санал хураалтад  46 гишүүн оролцсноос  хоёр буюу УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Оюун нар хориг тавьсныг дэмжиж бусад нь хүлээн авахгүй хэмээн үзсэн байна.  УИХ гишүүд Ерөниийлөгч хроиг тавихдаа хуралдааны тэмдэглэлийг ишлэсэн явдалд тайлбар хийхийг хүссэн байна. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхамын тайлбарласнаас үзвэл хориг тавихдаа хуульзүйн хэм хэмжээг баримталж зарчмын чанартай зүйлийг ашиглах эрх бий гээд тухайн хууль өөрөө процессын хувьд хууль зөрчсөн бол гарсан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзэж болохгүй гэдэг зарчмыг баримталсан гэжээ.  Иймд процессыг нь харах гэж хуралдааны тэмдэглэлийг үзэж иш татсан  ажээ. 

Date : 2006-12-20 12:52:34                        

Copyright © 2009 . All Rights Reserved.