http://www.forum.mn

Impact of Global Financial and Economic Crisis upon Mongolian Economy

Open Society Forum presents a seasonal report on the Impact of Global Financial and Economic Crisis upon Mongolian Economy prepared jointly with the Team of Mongolian National University Professors of the Department of Economics, School of Economics. This report which covered the period of 3rd quarter of 2009 will examine changes in the global financial and economic situation, domestic production, international trade, banking and financial sector and monetary policy including Anod bank issue, merger of the banks, issue of Development bank and Government financial, budget and fiscal policy. Also, to further analyze impact of the crisis and touch some decays related to the sector, we have also made analysis in education and health care. In addition, to survey the impact of crisis at a household level, we have conducted 3 step random sampling of 400 households survey. The issues mentioned in the report were listed below and you access the brief and detailed version of the report at our website: www.forum.mn.  (Continues in Mongolian)

2009 оны гуравдугаар улиралд дэлхий нийтийг хамраад байгаа санхүү, эдийн засгийн хямралын эрч саарч байгаа ч дэлхийн эдийн засаг илааршиж, өсөлт бий болох талаар ярихад хараахан эрт байна. Хямралд хүчтэй нэрвэгдсэн Европын улсууд, Их Британи болон АНУ зэрэг томоохон эдийн засгууд өнөө хэр ажилгүйдэл, бодит орлогын бууралт, банк санхүүгийн сул байдалтай тулгарсаар байгаа бол Азийн орнууд хямралыг харьцангуй хохирол багатайгаар даван туулж байгаа нийтлэг жишигтэй байна. Зарим орон эдийн засгийн гадаад таагүй нөхцлөөс өөрийн эдийн засгаа хамгаалахад зориулсан бодлого, арга хэмжээний бүтцийг бий болгож чадсан учраас хямралыг хохирол багатайгаар даван туулж байгаа бол нөгөө нэг нь хямралын үед мөнгөний болоод төсөв, сангийн тэлэлт хийх орон зайгаа хадгалж үлдсэн учраас хямралыг мөн л давж чадаж байна. Жишээлбэл, Чили улс бодлогын зөв тогтолцоо бий болгож чадсан учраас, Хятад улс мөнгөний болоод төсөв, сангийн тэлэх бодлогыг эрчимтэй явуулах замаар хямралыг гэтэлж байна.

Манай улсын хувьд санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй хэвээр байна. 2009 оны эхний есөн сарын тоон мэдээнээс үзэхэд манай улсын бодит үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт уналт үргэлжилжээ.  Тухайлбал, ДНБ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан нь өмнөх улирлын 1.6 хувийн уналтаас илүү их байна.  Үүнд, аж үйлдвэрийн салбар 10.5 хувь, барилгын салбар 37.7 хувиар тус бүр буурч хямралд хамгийн их өртжээ. Харин, хөдөө аж ахуйн салбар өсөлттэй байгаа нь сайн үзүүлэлт юм.

Дотоодын үйлдвэрлэлийн уналт үргэлжилсээр байгаа нь манай эдийн засаг гадаад эдийн засгаас хүчтэй хамаардаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын бүтэц нь өрөөсгөл, эмзэг байгаатай холбоотой ч хямралын эхэн үед авч хэрэгжүүлсэн хатуу мөнгөний болоод төсөв, сангийн бодлоготой бас холбоотой. 2008 оны сүүл, 2009 оны эхэн үед бодлогын маш хүнд сонголтуудтай Засгийн газар болон Монголбанк тулгарсан. Эдгээр бодлого баригч байгууллагууд үндсэндээ бодлогын хоёр гол зарчим баримталсан гэж болно. Төсөв, сангийн бодлого дээр Засгийн газрын алдагдлыг 6 хувиас хэтрүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл Засгийн газар зарлагаа хязгаарлах бодлого баримталсан. Мөнгөний бодлого дээр 33 хувьд хүрээд байсан инфляцийн түвшинг буулгаж эдийн засгийн тогтворжилтийг эхлүүлэхийг зорьжээ. Өнөөгийн байдлаар үр дүн нь муугүй байна. Тухайлбал, инфляцийн түвшин есдүгээр сарын эцсийн байдлаар оны эхнээс 2.6 хувь, сүүлийн 12 сарын байдлаар -1.9 хувьтай гарсан нь мөнгөний бодлого үндсэн зорилтоо биелүүлж байгаа дүр зураг харагдаж байна. Гуравдугаар улиралд инфляцийн түвшин ийнхүү буурсан учраас Монголбанк бодлогын хүүгээ хамгийн сүүлд 1.5 пунктээр огцом бууруулж өнөөгийн байдлаар 10 хувьд хүргээд байна.

Мөнгөний бодлого гол зорилгоо биелүүлж эхэлж байгаа хэдий ч түүнийг цагаас нь өмнө огцом зөөлрүүлэхгүй байж, дунд хугацаандаа инфляцийг бага түвшинд, тогтвортой байлгахад чиглүүлэх нь зүйтэй юм. Инфляци бага байх нь зээлийн хүүг зах зээлийн тогтолцооных нь жамаар бууруулах гол арга, хөшүүрэг болно. Монголбанк бодлогын хүүгээ инфляцийн түвшин, түүний талаарх хүлээлтийг харж байж бууруулах, аливаа нэг ашиг сонирхлоос хараат бус байдлаа хадгалж байх нь хамгаас чухал юм.

Харамсалтай нь өнөөг хүртэл явж ирсэн мөнгөний бодлогын талаарх түгээмэл төөрөгдөл бол манай улс валютын ханшны чухам ямар тогтолцоог сонгож байгаа нь тодорхойгүй байгаад оршиж байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг харахад валютын бодлого нь мөнгөний бодлогоосоо урьтаж төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулаад байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд гуравдугаар улиралд Монголбанк иргэд, байгууллагаас гадаад валют худалдан авч валютынхаа нөөцийг зузаатгаж, оронд нь төгрөгийн нийлүүлэлтийг өсгөх үйл явц өрнөсөн болно.

Эндээс дүгнэхэд, бодлогын хүүгээ бууруулж, валютын арилжаагаараа дамжуулан төгрөгийн нийлүүлэлтийг ийнхүү өсгөж байгаа нь мөнгөний зөөлөн бодлого аль хэдийнэ эхэлснийг харуулж байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 16 хувиар өсөөд байгаа нь үүнийг илтгэх бөгөөд өнөөгийн байдлаар арилжааны банкууд дээр ихээхэн хэмжээний хөрөнгө бодит эдийн засаг руу зээл болж гаралгүй төвлөрч байна.

Төсөв, сангийн бодлогын хувьд есдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал 332.5 тэрбум төгрөгтэй тэнцүү байгаа ба оны эцэс гэхэд зорилтот түвшин болох ДНБ-ий 5.8 хувь буюу 364 тэрбум төгрөгт барьж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн гурван жилийн туршид хэрэгжсэн төсөв, сангийн бодлого нь хэт тэлэлтийн байдалтай байсан учраас хямралын үед нүүрлэхэд эдийн засгаа цаашид дэмжих орон зайгүй болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зарлагаа өсгөх замаар эдийн засгаа дэмжих боломжгүй болсон.

Ашигт малтмалаас орж ирж буй орлого нь үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай тул үнэ өсөх үед хуримтлал бүрдүүлж, үнэ буурсан үед хуримтлуулсан нөөцөөсөө төсвийн алдагдлаа нөхөх замаар гадаад худалдааны тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалдаг туршлага бусад улс оронд бий. Өнөөгийн хямралыг харьцангуй хүндрэл багатайгаар даван туулж буй Норвеги, Голланд, Чили, Ботсвана зэрэг орон иймэрхүү тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Төсвийн тогтворжилтийн тухай” хуулийг боловсруулж эхэлсэн нь нүдээ олсон арга хэмжээ юм. Ялангуяа Оюу Толгой ордыг ашиглахаас өмнө ийм тогтолцоог хэвшүүлэх нь ирээдүйд хямралыг давах хамгийн том алхам юм.

Манай улсад өмнө нь үүнтэй төстэй бодлого хэрэгжсэн туршлага бий. 2006 онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан” нэртэй хуримтлалын сан байгуулсан. Уг санг байгуулсан гол шалтгаан нь ашигт малтмалын гэнэтийн ашгаас орох орлогыг хуримтлуулахад оршиж байсан. Байгуулагдсанаасаа хойш энэхүү санд нэлээд хөрөнгө төвлөрсөн. Тухайлбал, 2006-2007 онуудад энэ санд ДНБ-ий 4.8 хувь, 7.7 хувьтай тэнцэхүйц хөрөнгө төвлөрсөн. Харамсалтай нь энэ сангийн зарцуулалт нь төсвийн алдагдлыг зөвхөн хэрэгцээ гарсан тохиолдолд нөхөх биш, харин Засгийн газрын ердийн зарлагуудыг санхүүжүүлсэн учраас эдийн засгийг тогтворжуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй. Бодлого боловсруулагчид үүнээс сургамж авч шинээр бий болох төсвийн тогтворжилтын тогтолцоог хамгаалах нь юу юунаас чухал байна.

Боловсролын салбарын хувьд манай улс ижил төстэй орлоготой бусад оронтой харьцуулахад илүү их хэмжээний мөнгийг зарцуулдаг ч хамран сургалт зэрэг үндсэн үзүүлэлтүүдийн хувьд тэдгээр оронтой дүйцэхүйц хэмжээнд л  байна. Тухайлбал, 2006 онд боловсролын бодит санхүүжилт нь ДНБ-ий 5.1 хувь, улсын төсвийн 15.3 хувийг эзэлж байсан.  2008 оны хувьд эдгээр үзүүлэлт 7.2 хувь, 21 орчим хувь болон өссөн нь 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой юм.  Гэтэл орлогын ижил түвшинд байгаа орнуудад энэ үзүүлэлт ДНБ-ий 3-4 хувьтай, төсвийн зарлагын 15 хүрэхгүй хувьтай байна.   Боловсролын салбарын нийт зардлыг боловсролын түвшнээр нь авч үзвэл манай улсын хувьд бусад ижил төстэй орлогын түвшинтэй улс оронтой харьцуулахад сургуулийн өмнөх (СӨБ) болон дээд ба тусгай боловсролд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулдаг нь харагдаж байна. 

Эдийн засгийн хямралын боловсролын салбарт үзүүлсэн хамгийн том урхаг нь  боловсролын төсвийг 2009 оны долдугаар сарын төсвийн тодотголоор танасан явдал юм.  2008 оны сүүлийн төсвөөр боловсролын салбарт 432.5 тэрбум төгрөг батлагдсан байсан. Хоёр ч удаагийн төсвийн тодотголоор боловсролын салбарын төсөв 396.5 тэрбум болтлоо буурсан.  Энэ нь дүндээ 8.3 хувийн таналт бөгөөд урсгал болон хөрөнгийн зардлын аль алийг хамарсан байна.  Танагдсан нийт хэмжээг задалж үзвэл: цалин болон НДШ 2.8 хувиар, бараа, үйлчилгээний зардал 22.3 хувиар, хөрөнгө оруулалтын зардал 18.9 хувиар тус тус буурсан байна. Сургалтын материал, компьютер, тоног төхөөрөмжийн хангамж зэргээс сургалтын чанар шалтгаалдаг учир 2009 оны төсвийн таналт сургалтын чанарт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм.  Эдгээр урсгал зарлагыг нөхөхийн тулд сургалтын үйл ажиллагааг танах, суралцагсдын тоог нэмэгдүүлэн мэдүүлэх замаар төсвөөс авах мөнгөө нэмэгдүүлэх, эсвэл эцэг эхийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхэд хүрч байна гэж багш, эцэг эхчүүд мэдэгдсэн байна.

Боловсролын салбарт хэд хэдэн тулгамдсан асуудал байна. Төрийн боловсролын үйлчилгээ орлого багатай өрхүүдэд илүүтэй чиглэж чадахгүй байна. Өнөөгийн байдлаар боловсролын бүх шатанд төрөөс дэмжлэг үзүүлэхдээ орлогын болон бусад ялгаварлыг хийдэггүй. Ерөнхий боловсролын хувьд ийнхүү ялгаварлах нь оновчгүй байдаг. Гэтэл СӨБ, цаашилбал дээд ба тусгай боловсролын хувьд хавтгайруулсан тусламж нь гурван төрлийн сөрөг үр дагаврыг бий болгож байна.  Нэгдүгээрт, төсвийн хувьд томоохон дарамтыг бий болгож байна. Бид боловсролд бусад орноос хамаагүй их мөнгө зарцуулж, бараг ижил түвшний зорилтуудыг биелүүлж байна. Хоёрдугаарт, төрийн зүгээс орлогын тэгш хуваарилалтыг бий болгох үүднээс орлого багатай иргэдээ дэмжих ёстой атал ихэнх шатны боловсрол болон хоол, сурах бичиг зэргийг бүгдэд үнэгүй олгох нь нийгмийн халамжийн суурь зарчимтай зөрчилддөг.  Гуравдугаарт, тодорхой шатны боловсролын үр шимийг хамгийн их хүртэж буй этгээд түүнтэй холбоотой гарах зардлыг голчлон төлөх ёстой гэдэг зах зээлийн зарчим боловсрол дээр нэгэн адил үйлчлэх ёстой юм.  СӨБ, дээд ба тусгай боловсролд зарцуулж буй мөнгө харьцангуй өндөр байгаа нь энэ зарчим алдагдсаныг илэрхийлж байна.  Цаашдаа боловсролын эдгээр хөтөлбөрт төрийн оролцоог багасгаж, өрх гэрийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

Дараагийн нэг бэрхшээлтэй асуудал бол боловсролын салбарт зарцуулагдаж буй хөрөнгө нь ямар үр дүн өгч байгааг хэмжин, тодорхойлж, хяналт мониторинг хийх нь ихээхэн сул байна.  Бид боловсролын салбарт их хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа хэрнээ чухал үзүүлэлтүүдийг нь цуглуулдаггүй, эсвэл тэдгээр нь бүрэн бус байдаг, аль эсвэл ялгаатай эх үүсвэрээс авсан тоо баримт нь хоорондоо зөрчилтэй байгаа нь энэ салбарын эдийн засгийн үр ашгийг сайжруулах, Засгийн газар зорилгодоо хүрч буй эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байна.

Санхүү, эдийн засгийн хямрал Засгийн газрын санхүүжилтэд нөлөөлөх замаар манай улсын эрүүл мэндийн салбарт тодорхой сөрөг үр дагавар үзүүлэхийн зэрэгцээ салбарын бугшсан, зайлшгүй шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудыг давхар хөндөж байна.

2005 онд эрүүл мэндийн салбарт зарцуулж буй Засгийн газрын хөрөнгө нийт эрүүл мэндийн зарлагын 69 хувьтай тэнцүү байсан бол 2008 он гэхэд 79.6 хувь болж өсчээ. Учир нь 2006 онд Эрүүл мэндийн даатгалын болоод Эрүүл мэндийн хуулиудад нэмэлт өөрчлөлт хийж эрүүл мэндийн даатгалын энэ салбарт гүйцэтгэх үүргийг хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, энэ тодотголоор эрүүл мэндийн байгууллагуудын бараг бүх зардлыг Засгийн газрын зарлагаар санхүүжүүлэхээр зааж өгсөн.

Одоогийн байдлаар эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болох өрхийн, сумын болон сум дундын эмнэлгүүдийн санхүүжилтийг төрөөс хийж байгаа бөгөөд энэ зардал эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 24 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн хоёрдогч болоод гуравдагч шатны эмнэлгийн байгууллагуудад зарцуулж буй хөрөнгө нийт эрүүл мэндийн зарлагын 50.5 хувьтай тэнцүү байна.

Ер нь эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх нь хоёрдогч болоод гуравдагч шатны нарийн мэргэжлийн үйлчилгээнээс зарлага багатай тул анхан шатны эмнэлгүүдийн гүйцэтгэх үүргийг өсгөх нь нийт эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлнө. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдогч ба түүнээс дээших шатны эмнэлгийн байгууллагууд хуучин нийгмийн тогтолцооны үед байгуулагдсан учраас техник нь хоцрогдсон, үзүүлж буй үйлчилгээний чанар нь сайнгүй байна. Харин өрхийн эмнэлгүүд сүүлд буюу 1998-2002 онд байгуулагдсан ч ихэнх тохиолдолд өрхийн эмчийн мэдлэг туршлага нимгэн, ур чадвар сул, материаллаг баазын хувьд бэхжээгүй зэрэг шалтгааны улмаас хүмүүс өрхийн эмнэлэг гэхээсээ илүү хоёрдогч ба түүнээс дээд шатны эмнэлэгт үзүүлэх сонирхолтой байдаг.

Өрхийн эмчийн хувьд өвчтний эрүүл мэндийн төлөө хариуцлага бага хүлээх үүднээс дээд шатны эмнэлэг рүү өвчтөнг явуулах сонирхол давамгайлдаг.  Дээд шатны эмнэлгийн хувьд үйлчлүүлсэн өвчтний тоогоор нормативын дагуу санхүүжилт авдаг учир өвчтөнг өвчний хүнд, хөнгөнийг үл харгалзан эмчлэх эдийн засгийн хөшүүрэгтэй байдаг.  Улсын даатгалтай бусад оронд өрхийн эмчийн эмчлэх, нарийн мэргэжлийн эмчлэх өвчинг сайтар ялгаж, зөвхөн өрхийн эмчийн зөвлөснөөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг тогтолцоо нь төсвийн болон төрийн даатгалын санхүүжилтийг бага байлгаж, салбарын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж байдаг.  Энэ тогтолцоо манай улсад хэвшээгүй нь эрүүл мэндийн салбарын үр ашиггүй, зардал өндөртэй байгаагийн суурь шалтгаан болж байна.

Энэ салбарт үүсээд байгаа өөр нэг тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэх үүрэг жил ирэх тусам бүдгэрч буй явдал. Яг өнөөгийн байдлаар эрүүл мэндийн даатгал цаашид хэрэгтэй эсэх нь асуудалтай байна. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч байгаа эмчилгээнүүд нь маш нарийн эмчилгээнүүд байгаа учраас ихэнх даатгал төлөгчид эрүүл мэндийн даатгалаасаа ашиг тус хүртэхгүй байна. Өөрөөр хэлбэл, дийлэнх эрүүл мэндийн даатгал төлөгчид даатгалд тэр бүр хамрагддаггүй юмуу хөнгөлөлттэй хамрагддаг хүмүүсийн эмчилгээний зардлыг даадаг гэсэн үг юм. Харин, өөрсдөө эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг тэр бүр хүртдэггүй. Тэгэхээр эдгээр даатгал төлөгч эрүүл мэндийн даатгалд цаашид хамрагдах сонирхолгүй болж байна.

Date : 2009-11-05 15:47:03                        

Copyright © 2009 . All Rights Reserved.