http://www.forum.mn

Нээлттэй Нийгэм Форум 2009 оны жилийн тайлан


Нээлттэй Нийгэм Форум 2009 оны жилийн тайлан
-------------------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум 2009 оны жилийн тайлан [PDF]

Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд шинэ засгийн газар бүрэлдэж, үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, ажлын эрч хүч нь ид жигдэрч цэгцэрдэг агуулгаараа УИХ-ын сонгуулийн дараагийн жил чухал онцлогтой байдаг. 2009 он бол чухам ийм ерөнхий дүр төрхтэй жил байсан агаад энэ онд Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийг шинээр сонголоо.

2008 оны УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараахан болсон үйл явдлаас үүдэн Монгол Улсад бий болсон өвөрмөц нөхцөл байдал улс төрийн өрнөлийн голлох хүчин зүйл болж хувирсан юм. Хэдийгээр уг сонгуульд МАХН ялалт байгуулсан дүн гарсан ч Ардчилсан намтай хамтран Засгийн газраа байгуулах шийдэл энэ үед тохиосон үйл явдлуудын оргил нь байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх бүх үйл явц “хамтран ажиллах дүрмийн” дагуу улс төрийн өрсөлдөөний сонгодог зүй тогтлоос гадуур явагдаж байна. Ийнхүү хамтран ажилласан нэгэн жил болох 2009 онд улс төржилтийн бай болж олон он дамжуулан шийдлээ хүлээж ирсэн улс орны хөгжлийн зарим чухал асуудлыг шийдэхэд нааштай нөлөөлсөн ч сөрөг хүчингүй, хяналтгүй, цөөн улстөрчдийн тохиролцсоноор улс үндэсний хөгжлийн нийтлэг эрх ашгаас гуйвсан хуудуутай шийдэл гарах эрсдлийг мөн дагуулсан юм. Үүний тод жишээ нь 2009 онд парламентаас ямааны ноолуурын нөхөн төлбөр, УИХ-ын гишүүдийн 76 тэрбум, улмаар УИХ-ын сонгуулийн үеэр амалсан бэлэн мөнгийг олгох зэрэгт улс орны эдийн засгийн хүчин чадлыг тэр чигээр нь татан оруулсан явдал боллоо.

Энэхүү нөхцөл байдалд засаглалын хяналт-тэнцвэрийг хангагч институциүдийн хараат бус үйл ажиллагаа, тэдгээрийн дорвитой шинэтгэлийг нэхсэн уур амьсгал бүрэлдэж эхлэв. Сүүлийн 20 жил үргэлжилж буй шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр нөлөөтэй болгож, бие даасан, шударга шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх шаардлага энд юун түрүүнд хамаарах ч бодлого боловсруулагчдын олонхи нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. УИХ-аас гүйцэтгэх засаглалд тавих хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх асуудал ч мөн хурцаар тавигдав. Энэ чиглэлд хийж буй эрэлхийллийн нэг нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэмээгдэх нээлттэй сонсгол болсон хэдий ч парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр нөлөөтэй арга замын нэг болох нээлттэй сонсгол журамлагдаж албажаагүй хэвээр л байна.

Тэрчлэн, иргэний нийгмийн байгууллагуудын өмнө урьд урьдаас илүүтэй нийгмийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ гүнзгий ухаарч, цаг зуурын, амин хувийн, улс төрийн өнгө аястай, захиалгын хэлбэртэй үйлдлүүдээс ангид байж, нийтийн эрх ашгийн манаанд гуйвалтгүй зогсож, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг баримтлан төрийг тууштай, үр нөлөөтэй хянах сорилт тулгарлаа.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монголд үргэлжлэн давалгаалж, юуны өмнө барилга, дэд бүтцийн салбаруудыг үндсэнд нь царцаан дампууруулж байхад байгаль, цаг уурын эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд газар тариалан, мал аж ахуйн салбарыг бүхлээр нь хямраасан онц хүнд жил байлаа. Банк, санхүүгийн тогтолцооны хямрал улам даамжирсаар байв. Үүнийг арилжааны хоёр ч банк дампуурснаас бэлхнээ харж болно. 2009-2010 оны үргэлжилсэн зуданд 8.1 сая мал хорогдож /2010 оны тавдугаар сарын байдлаар/, 80.000 малчин өрх амьжиргааны доод түвшинд шилжээд байна. Дуусаагүй барилгын нийт тоо 3300-д хүрч, энэ салбарт нийтдээ 400 тэрбум төгрөг эргэлтэд орж чадалгүй түгжигдсэнээр эдийн засгийн гол салбаруудын нэг үндсэндээ зогсонги, үхмэл байдалд орлоо. Газрын харилцааны согог илэрч, иргэдэд өмчлөгдсөн газар эдийн засгийн эргэлтгүй, үнэ цэнэгүй хэвээр үлдэж баялаг бүтээлцэх үүргээ гүйцэтгэж чадсангүй. Төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөр нэрээр барилгын цөөн хэдэн компанид Засгийн газрын хөрөнгөөр дэмжлэг үзүүлсэн нь төдийлөн амжилттай арга хэмжээ, барилгын салбар хямралыг гатлахад дэмжлэг болж чадсангүй.

Дэлхий ертөнц эдийн засгийн хямралаас хөндийрөн сэхэхийн хамтаар эрчим хүчний эх үүсвэр, түлшний эрэлтэд дулдуйдсан ирээдүй, гэрэл гэгээ цөөхөн хүн амтай жижиг Монголыг өндийлгөх хүчин зүйлийг агуулж байна. Гагцхүү монголын төр иргэддээ нээлттэй, ил тод, хариуцлагатай байж, олон зууны бэрхийг туулан энэхүү ховор завшаантай золгосон улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэвээс байгалийн баялгийн хараалыг тойрч, хөгжлийн зам дээр гарахыг бидний өмнөөс төр барьж буй эрхмүүд ухаарч буй бизээ.

Удаан хугацаагаар хатуурхан хайрсан цаг агаарын хүнд нөхцөл байдал олон мянган малчин өрхийг маань нэрвэж, ядуурлын ирмэгт аваачиж цөлмөсөн ч хүн бүр, айл өрх бүр аливаад итгэж, тэтгэмж харж суухын оронд өөртөө найдаж, хөдөлмөрийн хөлс хүчээр өөдөлдөг болохыг мэдэрсэн зөв цаг үе ирсэн гэдэгт бас итгэж байна. Төрд төсөвлөгдөж, олон дахин давхардуулж тооцогддог, бараг эргэлтгүй, тиймээс үр ашиг авчирдаггүй мөнгө, хөрөнгийн зарцуулалтын шинэчлэлийг хурдтай хийх суурь нөхцлүүд бүрдсэн байна.

Улс орны амьдралын энэхүү адармаатай нэгэн жилийн хэмнэлд Нээлттэй Нийгэм Форум маань өөрийн бодлого үйл ажиллагааны хүрээнд идэвхтэй оролцоотой байж тодорхой хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллалаа. Засаглал, эдийн засаг, нийгмийн салбарын тодорхой асуудлуудаар бидний хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргийн тухай ээлжит тайлан мэдээллийг Эрхэм танд толилуулж буйдаа таатай байна. Хэрэв Та Нээлттэй Нийгэм Форумаас хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.

Нээлттэй Нийгэм Форумын
гүйцэтгэх захирал

П.Эрдэнэжаргал

 

Date : 2010-07-07 09:32:39                        

Copyright © 2009 . All Rights Reserved.