
Зохиогч: Пол Коллиер
Орчуулсан: Л.Баян-Алтай
Редактор: З.Эрэндоо
Хэвлэсэн: 2009
ISBN: 978-99929-0-870-Х
Худалдах үнэ: 12500
Пол Коллиерын нотолж буйгаар даян дэлхийд ядуурал маш хурдтайгаар өсч дэлхийн нийт хүн амын наян хувьд нүүрлээд байна. Ангалд үлдсэн тэрбум буюу дампууран унаж буй 50 гаруй улсын байдал хямралын хамгийн ноцтой түвшинд хүрээд байгаа бөгөөд эдгээр оронд тулгараад буй асуудлуудыг урьд өмнө хэрэглэж ирсэн уламжлалт аргаар шийдэх боломжгүй ажээ.
"Адагт улдсэн тэрбум" хэмээх номондоо П.Коллиер хорин нэгдүгээр зууны хөгжиж буй дэлхий ертөнцийн хамгийн гол саад бэрхшээл нь дампууран унаж буй эдгээр 58 улс мөн болохыг нотлон харуулжээ. Энэ ном нь аж үйлдвэржсэн барууны орнуудын нэг их тоож анзаарч ирээгүй эл ядарсан, жижиг орнуудын талаарх хамгийн бодит мэдээллийг ил гаргаж тавьсан юм. Хүн төрөлхтний олонхоос өдөр ирэх тусам алслагдан ард нь хоцорч байгаа тэдний амьжиргааны түвшин туйлын доод хэмжээнд хүрээд байгааг энэ бүтээл харуулж чаджээ. Энэ орнуудад шинэчлэгч, өөрчлөгчид болон авилгачдын хооронд ширүүн тэмцэл өрнөж байгаа ч ихэнх тохиолдолд авилгачид ялсаар байна.
ПКоллиер дампуурлын шалтгааныг эдгээр оронд нүүрлэж ирсэн иргэний дайн, байгалийн нөөцийн олборлолт болон экспортоос хамааралтай байдал, муу засаглал гэх мэт зангатай холбон тайлбарласан байна. Түүний бичсэнээр өнөөг хүртэл хэрэглэж ирсэн хөгжлийн арга замууд адагт үлдсэн эдгээр орныг занганаас нь гаргаж чадахгүй ажээ.
Учир нь тусламжийн хөтөлбөрүүд ихэвчлэн үр дүн муутай байж ирсэн төдийгүй даяаршил илүү тогтвортой улс орнуудын хөгжилд сайнаар нөлөөлдөг боловч ядуугийн туйлд орсон дээрх орнуудын байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Адагт үлдсэн тэрбум хүнтэй эдгээр улсад хамгийн хэрэгтэй зүйл нь өндөр хөгжилд хүрсэн Их Найман Улсын зүгээс гаргаж болох зоримог, шийдэмгий хөгжлийн төлөвлөгөө хэмээн зохиогч П.Коллиер үзэж байна. Дампууран унаж буй эдгээр орныг занганаас гаргаж, хөгжлийн замд оруулъя гэвэл Их Найман Улс тэдэнд тусгайлан зориулсан худалдааны бодлогыг бий болгож, авилга, хээл хахуулийн тухай шинэ хуулиуд болон олон улсын шинэ шинэ хэм хэмжээг гаргаж, улмаар маш нарийн төлөвлөсөн цэргийн оролцооны үйл ажиллагааг ч хэрэгжүүлэх ёстой ажээ.
Дэлхийн Банкны Судалгааны хэлтсийн захирал асан, эдүгээ Оксфордын Их Сургуулийн Африкийн Эдийн Засгийн Судалгааны Төвийн захирал Пол Коллиер нь бүх амьдралынхаа турш дэлхий дахины ядууралтай тэмцэж ирсэн нэгэн билээ. Тэрбээр «Адагт үлдсэн тэрбум» номондоо өнөөгийн дэлхийн ертөнцийн өмнө тулгараад буй хүмүүнлэгийн асар том гамшигийг гэтлэн давах найдвар, гэрэл гэгээг харуулж чадсан байна.
| Буцах | Дээш очих | -
|