Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
||||
Монгол Улсын сүүлийн 20 жилийн туршид нэгдэн орсон хүний эрхийн конвенциудын тоог харвал хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үйлсэд ихээхэн ахиц гарсан гэж төсөөлөгдөнө. Тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид хүний эрхийг тунхагласан заалтууд ч хангалттай байдаг. Гэсэн хэдий ч улам бүр өсөн нэмэдэж буй ядуурлын түвшин, хөгжлийн зогсонги байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны доголдол, иргэдийн, тэр тундаа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол нимгэн зэргээс үзэхэд хүний эрхийн баталгаа хэр нимгэн байгаа нь бодит амьдрал дээр илэрсээр л байна. 2008 оны Долдугаар сарын 1-нд зарласан Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийг баримтжуулах зорилгоор байгуулагдсан иргэний нийгмийн байгууллагуудын Мониторинг хамгааллын эвсэлд ННФ шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд эвслийн хийсэн тайлангаас үзэхэд Монголд хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгаа нь улам тодорсон юм. Иймээс ННФ хүний эрхийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрт заасанчилан хүний эрхийг хангах механизмд доорх институтууд ордог:
ННФ нь УИХ-ын хүний эрхийг хангах чиг үүрэг бүхий Хүний эрхийн дэд хороо, Засгийн газрын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, хууль сахиулах байгуулагууд, шүүх болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг нь уялдуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Хүний эрхий зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай зэрэгцээд иргэний нийгмийн байгууллагуудын үр нөлөөтэй мониторинг, хяналт зайлшгүй хэрэгтэй. ННФ Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн хорооны гишүүн байгууллага бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд өөрсдийн нөөц бололцооны хүрээнд тодорхой хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, иргэдийн өмгөөлүүлэх эрхийг хангах, төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирлээ. 2010 оны хоёрдугаар сараас эхлэн ННФ-ын Хөгжлийн мэдээллийн төвийн дэргэд Төрийн бус байгууллагуудад зориулсан Сургалт мэдээллийн төв ажиллаж байна. ННФ-ын онлайн судалгааны сан дахь Хүний эрх гэсэн тусгай ангиллаар дамжуулан энэ чиглэлээр хийгдсэн дотоод, гадаадын судалгааны материалуудыг олон нийтэд түгээж байна. Цаашид энэхүү санг өргөжүүлэн хүний эрхийн чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээг нэг дороос авч хэрэглэх боломжийг олгох юм. 2010 оны 11 дүгээр сарын 23-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн түгээмэл хэлэлцүүлгээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэхтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд болон олон нийтэд мэдээлэл бэлтгэн түгээх ажлыг Австралийн хөгжлийн хөтөлбөрийн тэтгэлэгтэйгээр хэрэгжүүлж байна. | ||||