ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2018 оны 4 дүгээр сарын 12 Улаанбаатар хот
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) -ыг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын туршлагыг судлах зорилгоор Украин Улсын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид 2018 оны 4 сарын 11-13-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд туршлага солилцох семинарыг 4 сарын 12-ны өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага, үр нөлөө, сорилтыг хэлэлцсэнээс гадна Украин Улсад компанийн эцсийн өмчлөгч (ашиг хүртэгч жинхэнэ эзэд)- ийг ил зарласан туршлагаа хуваалцлаа.
Украин Улс нь авлигатай тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд Хуулийн этгээдийн өмчлөгчдийн бүртгэлийн тухай бие даасан хуулийг баталж, 2015 онд нийтэд ил тод болгожээ. Түүнчлэн өмчлөгч, эздийнхээ мэдээллийг хуулийн дагуу ил тод тайлагнаагүй компаниудыг төрөөс зарласан тендер, худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон төдийгүй, банк санхүүгийн гүйлгээ хийх эрхийг нь хязгаарлах зэрэг хариуцлагыг хуульчилсан нь үр дүнтэй байна.
ОҮИТБС нь байгалийн баялгийг зөв, оновчтой засаглах зорилгоор татвар төлөлт, тусгай зөвшөөрөл, гэрээ, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, орон нутгийн шилжүүлэг, хандив, дэмжлэг гэх зэрэг цогц мэдээллийг ил тод болгодог төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн дэлхийн түншлэл юм. Тус санаачилгад Монгол улс анх 2006 онд нэгдэн орж, 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 5 жил тутам олон улсаас хэрэгжүүлэгч орнууддаа хөндлөнгийн үнэлгээ хийдэг. 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны хуралдаанаас Монгол Улсыг ил тод байдлын стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан дэлхийн хоёрдогч орноор хүлээн зөвшөөрч, шийдвэрлэсэн юм. Эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах зорилго бүхий энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улс 2020 он гэхэд уул уурхай, газрын тосны салбарт ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох зорилго тавин ажиллаж байна.