|
Нээлттэй Нийгэм Форумын веб порталаар Та бүхэнтэй хамтран ажиллах, харилцах болсондоо баяртай байна. Мэдээллийн энэхүү шинэ гарцаар нээлттэй нийгмийн үзэл санаа, ардчиллын үнэт зүйлс, эдийн засгийн чөлөөт зах зээлийн харилцаа, иргэний нийгэм, тогтвортой хөгжлийн асуудлаар ил тод, нээлттэй яриа, хэлэлцүүлгийг бид Та бүхэнтэй өрнүүлэх юм.
Веб порталын гол зорилго нь нийгмийн амьдралыг сайжруулах, өөрсдийнх нь аж байдлыг дээшлүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг дэмжих, энэ оролцоогоор дамжуулан бодлогын шийдвэр гаргагчдад олон талын байр суурийг харьцуулах боломжийг хүргэх, улмаар улс орны хөгжлийн нэгдмэл үзэл санааг бүрдүүлэх явдлыг хөхиүлэн дэмжихэд оршино. Бид улстөржөөгүй, явцуу эрх ашгийг илэрхийлээгүй мэдээллийг ямагт эрхэмлэх болно.
Тус бүрийн эрх ашгийг хөөснөөс нийлбэр ашгаа нэмэгдүүлэхийг зорих нь ямагт илүү байдгийг санаж, Монгол ардын ухаанд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгийг бодож Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаарай. Нээлттэй Нийгэм Форумын портал сайтад тавтай морилно уу.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭН
Нээлттэй Нийгэм Хүрээлэн нь Нью Йоркт байрладаг, хувийн хэвшлийн, тэтгэлэг олгогч сан бөгөөд нээлттэй нийгмийг дэмжих зорилгоор дараах салбаруудад төр, засгийн бодлогыг төлөвшүүлэх замаар олон тооны санаачлагыг дэмжин хэрэгжүүлж байна. Үүнд: боловсрол, хэвлэл мэдээлэл, нийтийн эрүүл мэнд, хүний болон эмэгтэйчүүдийн эрхийн зэрэгцээ нийгэм, хууль эрх зүй, эдийн засгийн шинэтгэлийн асуудал хамаарна. Нээлттэй нийгмийн үзэл санааг дэлхийн төвшинд гаргахын тулд Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн зүгээс Нээлттэй Нийгмийн сүлжээнд олон тооны төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төрийн захиргааны байгууллагыг хамруулахыг зорьдог.
Нээлттэй Нийгэм Хүрээлэн нь 1993 онд хүмүүнлэгийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагч Джорж Соросын санаачлагаар Төв болон Зүүн Европ, түүнчлэн хуучин Зөвлөлт улсууд дахь өөрийн сангуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагджээ. Дээр дурдсан сангууд нь хуучин социалист орнуудад ардчилалд шилжих үйл явцад туслах зорилгоор 1984 оноос эхлэн байгуулагдсан юм. Нээлттэй Нийгэм Хүрээлэн нь ардчилалд шилжих үйл явц чухлаар тавигдаж байгаа дэлхийн бусад өнцөг буланд өөрийн үйл ажилллагааг өргөжүүлэн явуулж эхэлсэн юм. Уг сүлжээ нь Африк, Төв Ази, Кавказ, өмнөд Америк, Зүүн өмнөд Ази, Гайти, Монгол, Турк зэрэг 50 гаруй оронд өөрийн санаачлагаа хэрэгжүүлж байна. Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс АНУ-д ч тодорхой хөтөлбөрүүдийг, бусад улсад ч зарим тодорхой төслийг хэрэгжүүлдэг.
ЖОРЖ СОРОСЫН ТУХАЙ Жорж Сорос Унгарын нийслэл Будапешт хотод 1930 оны 8 дугаар сарын 12-нд төржээ. Тэрбээр Нацистын эзлэн түрэмгийллийг туулан гарч 1947 онд коммунист Унгарыг орхин Англи улсад хүрэлцэн ирж Лондоны Эдийн Засгийн Сургуулийг дүүргэжээ. Оюутан байх хугацаандаа Сорос философич Карл Попперын бүтээлийг сонирхох болсон нь түүний үзэл бодолд, улмаар цаашдын ажил мэргэжил, хүмүүнлэгийн үйлсд нь гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм.
Санхүүч: Санхүүч: Сорос Америкийн Нэгдсэн Улсад ирж суурьшин өөрийн үүсгэн байгуулж удирддаг олон улсын хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан ихээхэн хэмжээний хөрөнгө хуримтлуулж эхэлсэн юм. Эдүгээ тэрбээр Соросын Сангийн Удирдлага ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
Хүмүүнлэгийн зүтгэлтэн: Хүмүүнлэгийн зүтгэлтэн: Жорж Сорос 1979 онд арьс өнгөөр ялгаварладаг өмнөд Африкийн Кейптауны их сургуульд хар арьст оюутнуудыг суралцахыг дэмжих зорилгоор сан бүрдүүлснээр хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоо ноён Сорос нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн захирал бөгөөд дэлхийн 50 гаруй улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагын сүлжээг үүсгэн байгуулагч юм. Голчлон Төв болон Зүүн Европ, Хуучин Зөвлөлт Холбоот улсууд, мөн түүнчлэн Африк, өмнөд Америк, Ази, Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сан нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, иргэний нийгэм, боловсрол, хэвлэл мэдээлэл, нийтийн эрүүл мэнд, хүний эрхийн төдийгүй нийгэм, хууль эрх зүй, эдийн засгийн шинэтгэлийн асуудалд чиглэсэн өргөн хүрээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд Нээлттэй Нийгэм Хүрээлэн болон Соросын сангийн сүлжээ нь жил бүр 400 орчим сая ам.долларыг дээр дурдсан болон бусад чиглэлийн төсөл хэрэгжүүлэхэд зарцуулж байна. Сорос 1992 онд Будапешт хотноо Төв Европын Их сургуулийг байгуулжээ.
Философич: Жорж Сорос нийт долоон ном зохиосон бөгөөд хамгийн сүүлд тэрбээр Даяарчлалын тухай (Public Affairs, 2003 оны 3 дугаар сар) хэмээх номоо бичжээ. Түүний бусад бүтээлийг нэрлэвэл: «Санхүүгийн Алхими»1987, «Зөвлөлт Тогтолцоог Задлах нь» 1990, «Ардчиллыг баталгаажуулах нь» 1991, «Сорос Соросын тухай” 1995, «Дэлхийн Капитализмын Хямрал: Нээлттэй Нийгэмд аюул заналхийлэх нь» 1998, «Нээлттэй Нийгэм: Дэлхийн Капитализмыг Шинэчлэх нь» 2000 зэрэг болно. Түүний улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр бичсэн өгүүлэл, нийтлэлүүд дэлхийн олон орны томоохон сонин сэтгүүлд байнга нийтлэгдэж байдаг.
Жорж Сорос нь Оксфордын Их сургуулийн Нийгмийн Судлалын Шинэ сургууль, Будапештийн Эдийн Засгийн Их сургууль, Йелийн Их Сургуулийн хүндэт өргөмжлөл хүртжээ. 1995 онд Болонийн Их сургуулиас түүнд өөрийн сургуулийн өндөр дээд өргөмжлөл болох “Laurea Honoris Causa”-г дэлхий дахинд нээлттэй нийгмийг хөгжүүлэхэд гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн олгосон байна.
|
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
Нээлттэй Нийгэм Форумын зорилго нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг өргөн олон нийтэд олгох, бодлогын судалгаа шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлэхэд оршино.
Нээлттэй Нийгэм Форумын үйл ажиллагаа нь ойрын гурван жилд засаглал, эдийн засаг, нийгмийн бодлогын асуудалд төвлөрөх бөгөөд үйл ажиллагааны гол хэлбэр нь чанартай судалгаа, шинжилгээн дээр үндэслэсэн иргэд, сонирхогч талуудын тэгш оролцоог хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг байх юм.
Нээлттэй Нийгэм Форумын Удирдах зөвлөл:
Удирдах зөвлөлийн дарга:
Удирдах зөвлөлийн гишүүд:
Нээлттэй Нийгэм Форумын Гүйцэтгэх захирал:
|