|
||||
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар шалтгаанаар буцаасан талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр сонсч, улмаар хөрөнгө оруулагч талыг ажлын 10 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүссэн юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Айвенхоу Майнз компаниас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний шаардсан найман зүйл бүхий асуултад хариу өгсөн байна. Тухайлбал, Оюутолгой орд дахь 45 сая тонн хүдрийн 19 сая тонныг яагаад ашиглах боломжгүй гэж үзэж байна вэ гэсэн асуултад дараах хариулт өгчээ. Нэг: -Оюутолгой ордын нийт нөөцийг “Айвенхоу майнз монголиа инк” компаниас 45.032 сая тонн гэж үзсэн бөгөөд энэхүү хайгуулын ажлын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд /2009 оны долдугаар сард/ 25.3 сая тонныг эдийн засгийн “үр ашигтай” хэмээн үзэж, Улсын нөөцөд бүртгэсэн. ТЭЗҮ нь Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд бүртгүүлсэн 25.3 сая тонн нөөцийг ашиглах хүрээнд боловсруулагдсан бөгөөд уг нөөцийг 80 орчим жилийн хугацаанд олборлохоор төлөвлөсөн. ТЭЗҮ-д “Тодорхой нөхцөлд ашигтай” гэж ангилагдсан 19.7 сая тонн зэсийг авч үзээгүй бөгөөд энэ металл нь геологийн үнэлгээний хувьд харьцангуй доогуур төвшинд байгаа учир түүний зэргийг нь дээшлүүлэн олборлолтын төлөвлөгөөнд багтаахын тулд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажлууд хийх шаардлагатай. Энэхүү геологийн нөөцийг бүртгэсэн нөөцөөс хасч тооцоогүй, харин цаашид өрөмдлөг судалгааны ажил хийсний үндсэн дээр ирээдүйд ашиглахаар төлөвлөсөн гэжээ.
Хоёр: -Оюутолгой төслийн ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулагчид төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тооцсон хоёр хувийн роялтиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өгсөн шүүмжийн дагуу хасах болно. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу роялтигийн талаар Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгч хоорондын хэлэлцээрээр шийднэ. Гурав: -Оюутолгой төслийн хүрээнд усны нөөцийн талаарх хангалттай мэдээллийг Усны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Мөн хоногт 150 мянган тонн хүдэр боловсруулахад хүрэлцэх хэмжээний усны нөөц батлуулахад дахин ямар нэмэлт мэдээлэл шаардлагатай талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа агентлагуудтай санал солилцож байна. Дөрөв: -Үйлдвэрлэлийн хоногт боловсруулах хүчин чадлын хэмжээг ТЭЗҮ-д тодорхой болго гэсний дагуу дараах судалгаа, тооцооллыг багтаалаа. Тав: -ТЭЗҮ-д тусгасан Хөрөнгө оруулагч талд нийт орлогын дүнгээс хоёр хувийг төлөх тухайд, BHP компаниас “Айвенхоу майнз” компани хооронд лиценз шилжүүлэхэд хийсэн гэрээний хувийг 2006 онд Үйлдвэр худалдааны яаманд хүргүүлсэн бөгөөд түүний хуулбарыг дахин хавсаргалаа. Зургаа: -Цэвэр зэс үйлдвэрлэх асуудлын тухайд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК, “Айвенхоу майнз лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс лимитед” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний 3.19 дэх заалтад “Засгийн газраас хүсэлт гаргасан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн дотор Хөрөнгө оруулагч үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна гэж тусгасан болно. Долоо: -ТЭЗҮ-д 3000-3500 монгол ажилчдыг ажлын байраар хангах асуудлыг хэрхэн тусгасан тухайд дараах хариулт өгч байна. “Бид энэ төсөлд аль болох олон монголчуудыг ажиллуулахыг зорино. Хөрөнгө оруулалтын гэрээнд заахдаа барилгын ажлын явцад нийт ажилчдын 60-аас багагүй хувь нь, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 90-ээс багагүй хувь нь Монгол Улсын иргэн байх талаар бид үүрэг авсан. Бид сургалт, хүний нөөцийн манлайллын бодлогоор дамжуулж, Монгол Улсын харьяат менежерүүд болон шийдвэр гаргагчдын тоог аль болох нэмэгдүүлэхийг зорино. Тухайлбал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 10 жилийн дотор инженер-техникийн ажилчдын 70-аас багагүй хувь нь Монгол Улсын иргэн байх болно гэжээ. | ||||
Монгол
English
RSS 








