|
||||
-------------------------------------------------------------------------------------------- Засгийн газраас нийгмийн салбар дахь төрийн өмчийн хөрөнгийг хувьчлах, хувьчлалын дараахь нийгмийн үндсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх хоёр талт зорилтыг дэвшүүлээд байгаа боловч энэ нь нийгмийн үйлчилгээний өсөлтийг хязгаарлаж мэдэх нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй зорилт юм. Үүнтэй холбогдуулан Нээлттэй Нийгэм Форум хувьчлалын бодит үйл явц болон гүйцэтгэлийн байдалд хяналт шинжилгээ хийх, хувьчлалын дараахь нийгмийн үйлчилгээний нийтлэг жишиг тогтооход чиглэсэн зохицуулалтыг бий болгоход (нийгмийн халамжийн сүлжээ, тэгш хүртээмжтэй байдал гэх мэт) анхаарал хандуулан үйл ажиллагаа явуулах юм. Хөндлөнгийн хяналт Нээлттэй Нийгэм Форум нь энэ чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, хувьчлалын үйл явц болон хувьчлалын дараахь үйл ажиллагаанд кейс /тухайлсан/ судалгаа явуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах зэргээр нийгмийн салбарын хувьчлалын үйл явцад хөндлөнгийн хяналт хийхэд дэмжлэг үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан 2003 оны долдугаар сарын 2-нд нийгмийн салбарын хувьчлалын талаар олон нийтийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уг уулзалтад Засгийн газар, ТББ-ууд, хувьчлагдсан газрууд, түүнчлэн хувьчлагдах зарим нэг боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Энэхүү уулзалтаас хувьчлалын туршилтын төслүүдийн давуу болон сул талуудын талаарх олон нийтийн ойлголтийг сайжруулах, хувьчлалын явцын талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох, нийгмийн салбарын хувьчлалын зохицуулалтын болон хяналтын механизмуудыг боловсронгуй болгох зэрэг багц асуудлыг анхаарах шаардлагатай байна гэж дүгнэлээ. Мөн уулзалтаас туршилтын төслүүдийн ололт амжилт, тулгамдсан асуудал буюу хүндрэл бэрхшээл, авах сургамжийг олж илрүүлэх кейс /тухайлсан/ судалгаа хийхийг санал болгосны дагуу 2003 оны 11 дүгээр сард Нээлттэй Нийгэм Форумаас уг судалгааны уралдаанд шалгаруулалт зохион байгуулж, ирсэн төслийн саналуудыг сайтар шүүн хэлэлцсэний эцэст сонголт хийлээ. Ингээд боловсролын салбарт кейс судалгаа явуулахаар “БизМонгол” зөвлөгөө өгөх фирм, эрүүл мэндийн салбарт судалгаа явуулахаар “Эдийн засгийн бодлого судлалын нийгэмлэг” (ЭЗБСН), соёл урлагийн салбарт судалгаа явуулахаар “Төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төв”-ийг тус тус шалгаруулсан юм. Кейс судалгааны ажлын хүрээнд нийгмийн салбарын хувьчлал, шинэтгэлд хамрагдсан байгууллагууд болон салбарын холбогдох бүхий л хууль тогтоомжийг судалж, туршилтын хувьчлалын талаар дүгнэлт өгөхөөр зорьсон болно. Эдгээр кейс судалгааны ажил саяхан хийгдэж дууссан бөгөөд үр дүнг удахгүй ННФ-ын веб порталаар болон эмхтгэл хэлбэрээр гаргаж олон нийтэд танилцуулав.
|
Монгол
English
RSS 








