Нийтийн төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийхийг урьж байна

A- A A+
Нийтийн төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс хараат бус судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог юм. Энэ удаа нийтийн төсөв, санхүүгийн дор дурдсан чиглэлээр судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийх
  • Улсын төсвийг дагалдаж буй хуулиудыг өргөн барих процессын дүн шинжилгээ хийх
  • Өмнөх жилүүдэд улсын төсвийг дагалдуулан баталсан хуулийн үр дагаврын дүн шинжилгээ хийх
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх аргачлал сонгох зөвлөмж боловсруулах
  • Хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг сонгох журмыг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулах
  • Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгоход чиглэсэн татварын бодлогын зөвлөмж боловсруулах
  • Төрийн анхан шатны үйлчилгээний цахимжилт, түүний үр нөлөөний судалгаа хийх.

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
  • Төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
  • Судалгааны дүнг нийтэд танилцуулах чиглэлээр ажиллах боломжтой байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.  Cудалгааны төслийн маягт

Судалгааны төслийн баримт бичгийг [email protected] цахим хаягаар 2024 оны 4 дүгээр сарын 11-ний Пүрэв гарагийн 17:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.