“Улс төрийн намын дотоод ардчилал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
“Улс төрийн намын дотоод ардчилал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд “Улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж заасан. Намын дотоод ардчилал хэмээх ойлголтод ямар асуудлууд багтдаг, хуульд заасан зарчмыг бодитой ажил хэрэг болгоход ямар алхмууд шаардлагатай талаар оролцогч талууд санал солилцох, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсгох боломж олгох зорилгоор ННФ-аас “Улс төрийн намын дотоод ардчилал” сэдвийн хүрээнд танхим, цахим хосолсон хэлэлцүүлгийг 3-р сарын 19-нд зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийн зочноор ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант А. Бат-Оргил уригдан намын дотоод ардчилалд тулгамдаж буй асуудлуудын талаар ажиглалт, дүгнэлтээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Илтгэлийнхээ эхэнд судлаач намын дотоод ардчиллыг улс төр судлалд хэрхэн тодорхойлдог талаар танилцуулсан юм. Намын дотоод ардчилал гэдэг нь “намын удирдлагыг томилох, намын төсөв батлах, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж сонгох гэх мэт шийдвэр гаргахад намын гишүүдийн оролцоо”-г хангахыг хэлнэ хэмээн Рахат, Шапира нарын улс төр судлаач эрдэмтэд тодорхойлсон байдаг. Ерөнхийдөө намын дотоод ардчиллыг дараах үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой аж (Rahat& Shapira, 2006). Үүнд:

  • Оролцоо
  • Төлөөлөл
  • Өрсөлдөөн
  • Хариуцлага
  • Ил тод байдал багтана.

Энэхүү үзүүлэлтүүдийн хүрээнд улс төрийн намын дотоод ардчилал, төлөвшилтэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудал ажиглагдаж буй талаар илтгэсэн бөгөөд тоймлон хүргэвэл:

  1. Намын гишүүнчлэл- Намын хатуу, зөөлөн гишүүнчлэл гэсэн ойлголтын талаар багагүй хэлэлцүүлэг өрнөдөг бөгөөд хатуу гишүүнчлэлийг шүүмжилж тайлбарлах нь бий. Угтаа намын гишүүдийн оролцоогүйгээр намын дотоод ардчилал хэрэгжих боломжгүй. Иймд улс төрийн нам аль болох гишүүдийн тоогоо нэмж, тэдний идэвхтэй оролцоог хангасан үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэх ёстой. Гэтэл нам шинээр бүртгүүлэхэд 801 гишүүнтэй байх, түүнээс илүү ч биш, дутуу ч биш гарын үсэг шаардах нь зохисгүй бөгөөд эвлэлдэн нэгдэх эрхэд харш гэж дүгнэж болно.
  2. Улс төрийн намын тоо- Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 38 нам байна. Үүнийг манай оронд хэтэрхий олон нам үйл ажиллагаа явуулж буй мэт шүүмжилдэг. Намын систем доторх идэвхтэй намуудыг тоолох олон улсын эрдэмтдийн гаргасан аргачлалаар тооцож үзвэл дээрх тоо 1,5 – 2 намд багтах тооцоолол гардаг. Тодруулбал улсын бүртгэлд бүртгүүлсэн намын тоогоор биш, улс төрд идэвхтэй, оролцоотой буюу парламент дахь суудал, сонгуульд авсан саналын тоонд үндэслэвэл дээрх тоо хангалтгүй юм.
  3. Намын мөрийн хөтөлбөр- Ардчилсан тогтолцоонд улс төрийн нам нь төр, иргэний нийгмийн хооронд гүүр болох үүрэгтэй. Гэтэл клиентилизмийн нөлөөнд энэ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, төлөөлөх чадвар нь сулрах, бизнесүүдтэй авлигаар холбогдох үзэгдэл ажиглагдана. Ийм нөхцөлд сонгуульд намын мөрийн хөтөлбөрийн ач холбогдол алдагдана.
  4. Нэр дэвшигчдийг тодруулж сонгох процесс- МАН сонгуульд нэр дэвшигчдээ бага хурлаараа шийддэг гэх боловч ч бодит  дээр намын дарга, генсек нь шийдвэр гаргадаг. АН-ын хувьд сунгаа явуулах гэх мэт ардчилсан элемент нэвтрүүлсэн гэх боловч өндөр дэнчин тавьдаг. Харин ХҮН намын хувьд төлөөлөх зөвлөл нь буюу бас л цөөн хүний хүрээнд шийдвэр гаргаж байна.
  5. Оролцоо- Намын эмэгтэй гишүүдийн оролцоо намын анхан болон дунд шатны байгууллагуудад өндөр хэдий ч шийдвэр гаргах дээд шатанд маш сул байна. Үүнд соёлын болоод санхүүгийн хүчин зүйл голлон нөлөөлж байгаа бөгөөд нь энэ нь намын дотоод ардчиллын үзүүлэлт сул байгааг илтгэнэ.
  6. Намын санхүүжилт, ил тод байдал- Гишүүдийн татварын мэдээлэл нь тодорхой биш. Эрх баригч намын хувьд далд санхүүжилттэй, ТӨК-тэй төстэй гэх мэт асуудлууд байгаа талаар санал бодлоо тус тус хуваалцсан юм.

Түүнчлэн намын дотоод санхүүжилтээс гадна улс төрийн тэнцвэртэй өрсөлдөөн явагдах орчин буюу нам хоорондын харилцаанд ардчилсан байдал алдагдсаныг онцолсон юм. Үүнд,  

  • Ялагч бүгдийг хамдаг сонгуулийн тогтолцоо буюу олонхын тогтолцоо
  • Сонгуулийн хуулийг олон дахин өөрчилж ирсэн практик
  • Төрийн санхүүжилтийг зөвхөн парламентад суудалтай намуудад хуваарилж ирсэн явдал
  • Намыг нүсэр бүтэцтэй байхыг буюу үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг шаарддаг байдал
  • Нам үүсгэн байгуулж, бүртгүүлэхэд хүндрэл учруулдаг (801-20,000 хүний гарын үсэг шаардах) зэрэг нь нөлөөлж буйг шүүмжиллээ.

Судлаачийн илтгэлийг үзэх бол энд дарна уу.